Яруу найрагчдын намтар

2011-03-29,
Олон сайхан бүтээлүүдээ олны чихэнд биш зүрх сэтгэлд нь сонсгож чаддаг Монголын  яруу найрагч...


БЭГЗИЙН ЯВУУХУЛАН /1929-1982/

Бэгзийн Явуухулан 1929 оны 3-р сарын 15-нд төрсөн. Хорьдугаар зууны монголын сод их яруу найрагч Б. Явуухулангийн яруу уянга, гэгээн аялгуу бүрэлдэн цогцолсон ахуй нь холын хоёр одны тохиох хөх манхан тэнгэр, цан хүүрэг савсаж, үүлс ороох оргилтой цаст цагаан уул, орог саарал зэрэглээ сүүмэлзэх онгон цэнхэр тал, мөнгөн сарны сүүдэр толиорох хөвөх гол улс, шанхны үзүүр чичирхийлэх тэлмэн жороо хүлэг морь, цээл сайхан эгшигтэй уртын дуу, зүүрмэглэгч хун шиг нүүдэлчний гэр юм.

Тэрбээр харлаг тэх зогсох элгэн улаан хадат говийн өвөлжөөнөөс вансэмбэрүү цэцэг хосоор ханьсаж ургах уулын тагт хүртэл нүүдэл хөтөлж, хангайн царам дахь анчин аавын ангийн отгоос улсын нийслэл Улаанбаатар хот хүртэлх урт аяны замд өвгөдийн хууч яриа, уртын дуу, үлгэр домгийн гайхамшиг дундуур нүүж өнгөрсөн юм. Б. Явуухулан 1953 онд Санхүүгийн сургууль төгсч нийслэл хотод суух болсон тэр жил Бэгз гуай хоёр дүүгийн хамт хэдэн малаа тууж, олон үхэр тэрэгнийхээ хонхыг жингэнүүлэн Улаанбаатар хот руу нүүсэн байна. Санхүүгийн сургуулийн оюутан Б. Явуухулан бээр 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд Бидний хүсэл, 1952 онд Цэнхэр мандлын тэнгэр дор хэмээх хоёр ном хэвлүүлээд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар одов. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн Мөнгөн хазаарын чимээ номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм.

Б. Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлнэ.

Зорин ирэх амрагаа хүлээхэд

Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж

Шөнийн чимээгүй гадаа налайн

Унийн углуургаар саран гэрэлтэнэ.

Өнчин дэрэн дээр нойр хулжсан

Ухаангүй дурлалын урхинд байхад

Мөнгөн хазаарын бүдэг чимээ

Онгон зүрхийг цочоон баясгана.

“Мөнгөн хазаарын чимээ /1959/ хэмээх энэ шүлгийг мэдрэхийн тулд нүүдэлчин ахуйг ойлгох хэрэгтэй юм. Яруу найрагт нүүдэлчин айл, нам гүм аниргүй шөнө. Өрх бүтээлгээстэй. Өрхөн завсраар шургах сарны туяа унийн углуургаар гэрэлтэх нь ямархан нэгэн нууцлаг ахуй, далд явдлын шижим аж. Амраг хайртын ирэх морин төвөргөөн ойртон сонсогдсоор, гадаа ирэх нь мөнгөн хазаарын чимээгээр танигдаж байна. Мөнөөх унийн углуургаар туссан гэрэл, зөвхөн чимээ нь сонсогдох, нүднээ үл харагдах мөнгөн хазаарыг бас гэрэлтүүлнэ. Тэрхүү сарны гэрэлтэй мөнгөн хазаар бол хайртаа очиж буй малчин эрийн гүн дээд хүндэтгэлийн бэлгэдэл болой. Нам гүм шөнийн ахуй, үл ялиг сарны гэрэл, морин төвөргөөн, хазаарын чимээ. Хүлээлт. Юутай тунгалаг шөнө, юутай дотно уянгалаг чимээ вэ.

“Намрын мөнгөн өглөө /1968/ хэмээх өөр нэг шүлэгт

Уяан дээр бөн бөн чичрээд

Унаган хүлэг минь үүрсч байна.

Өрхний завсраар гэгээ ороод

Үүр цайх дөхөж байна.

Хайрт минь одоо би явъя даа

Хүлэг мориныхоо биеийг халааж

Намрын мөнгөн өглөөний

Сэрүүн тунгалагт давхия даа...

“Мөнгөн хазаарын чимээ шүлгийн шууд үргэлжлэл мэт санагдана. Явуухулангийн шүлэгт хайр сэтгэлийн шүлэг зонхилох байр суурь эзлэх боловч тэр бүгд хоорондоо заавал нэг, үйл явдал, утгын хэлхээ хамааралтайд гол учир буй юм.

Яруу найрагч 1970 онд алтан саарийгаа бэлхүүс орчимоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн Монгол бүсгүй шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл юм. Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай юм. Хожим нь 1979 онд бичсэн Монгол шүлэг хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж

Бүсгүй хүн гэдэг

Хүний эх нь учраас

Бүх хүн төрөлхтөн

Гоо сайхнаа авдаг байна.

Бүсгүй хүн гэдэг бас

Гоо сайхны эх учраас

Бүхнээс илүү сайхнаа

Өөртөө хадгалж байдаг байна... хэмээн бичсэн юм.

Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт санагднам. Жинхэнэ яруу найрагчийн бүтээл бол эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус яруу сайхны түүх намтар утга агуулгын цогцлол байдаг нь ийм учиртай ажгуу.

Б. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээсэн найрагч билээ. Түүний Би хаана төрөө вэ, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Одод усанд шумбадаг юм билээ, Гэрэлтэй газар дулаан, Миний араншин, Монголын дорнод тал, Тайхар чулуу зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг мөн. Түүний Би хаана төрөө вэ хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх нь буй.

...Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би:

Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд

Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд

Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд

Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би...

Б. Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиожээ.

...Явуулын хүн дэргэд чинь ирж байг,

Яахав намайг, тэд дурсан ярьж бай,

Яруу найргийн мод, бүүвэй

Явуухулангийн мод, бүүвэй!

Хожим энэ мод тэнгэр баганадам өндөр болжээ. Явуугийн мод хэмээх нэрийг олж сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг болов. Яруу найргийн мод өөрийн түүх намтрыг бичсээр байна. Түүний адил Явуухулангийн найргийн утга уянга унших бүхий улам цэцэглэн навчилах мэт дэлгэрмүй.

Их найрагч Б. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний Тэхийн зогсоол хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн.

Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Үйл явдал хоёр шугамаар өрнөж байна. Эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй янгирын тэх. Аль аль нь орчлонгийн явдал...

...Төрсний эцэст үхнэ гэдэг

Амьтны ёс оо!

Төрсөн нутгаа орхиноо гэдэг

Амаргүй даваа!...

...Орчлон хорвоогийн мөнхийн зүй тогтол. Өтөлсөн янгир насны туйлд хүрээд өөрийнхөө төрсөн ууландаа эхээс унасан газраа ирж буй сэтгэл догдолж нулимс унагам учрал тохиолтой анчин таарчээ. Амьдын хорвоогийн тавилан заяа, өнгөрүүлсэн амьдрал, ууж ундаалсан бэлчээрээ сүүлчийн удаа харж ертөнцийн жам ёсны оргил дээр зогсох янгир бол зүгээр нэг ан амьтан бус түүний цаана байгал ээж амьд ертөнц тэр аяараа буй ажгуу. Амьд амьтан, эх нутаг хоёр учран золгох, хагацан салах уулзвар дээр ертөнц оршином. Хэзээ нэгэн өдөр хүмүүнийг ч бас янгирын адил эцсийн зогсоол нь хүлээж байдаг билээ. Тэхийн зогсоолыг дурандаад өдөржин хорвоог бясалгаж буй анчин, янгирын тэхийг үргэж цочоохоос эмээн нүүдэлээ хойшлуулан хорвоогийн жам ёсонд сүсэглэж суугаа хот айлынхан. Энэ бүх үйл явдал, өдөр хоногууд, сэтгэлийн шимшрэлийг зүрхэн дундуураа гаргаж буй бяцхан хүү буюу яруу найрагчийн бага нас, нүүдэлчний амьдралын жаргал зовлон, эх нутаг хийгээд шүтэлцээт бүхий л юмсыг энэрэн нигүүлсэх соёл, орчлонгийн үнэт агшинуудын гэгээн судар энэ гэлтэй. Янгирыг жам ёсоороо хальсны маргааш өглөө нь хот айл ачаалан нүүдэллэж Тэхийн зогсоол-ыг эргэж харж Төрсөн нутаг минь хэмээн өөртөө хэлж буй төгсгөлд ирэхэд өр нимгэн хэний боловч хоолой зангирч, аньсага чийгтэнэ. Явуухулан бол эх орон, байгал дэлхийн гайхамшигт дуучин, ертөнц өөрийгөө дуулуулахаар илгээсэн алтан гургалдай буюу.

Явуухулангийн яруу найргийн амьдралын үлэмж хэсгийг түүний соён гэгээрүүлэх үйлс эзлэнэ. Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байлаа. Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж туршсан зэрэг нь чухам яруу найргийн соён гэгээрүүлэх үйлс байсан юм. Тэрбээр оросын яруу найрагчидтай гүн дотно нөхөрлөж Лев Ошанин багшийгаа монголд урьж ирүүлэн, Римма Казакава, Анатолий Софроновыг орчуулж, зөвлөлтийн болон тухайн үеийн социалист орнуудын зохиолчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байв. Энэтхэг, Этиоп, Кубаар энх тайвны элчээр аялан явж олон сайхан шүлгээ туурвижээ.

Их яруу найрагч бээр өөрийн яруу найргийн үйл амьдралд хоёр үе шаттай хөтөлбөр дэвшүүлсэн хэмээн ярих дуртай байв. Эхний хөтөлбөр нь 1959 онд бичсэн Алаг дэлхийд төрсөн минь учиртай хэмэх шүлэг юм.

Дуулим хорвоод төрсөн минь учиртай:

Дуулж суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж

Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд

Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би

Дуулим хорвоод төрсөн минь учиртай.

хэмээх тунхаглал нь далаад оны сүүл үе хүртэл бүхий л яруу найргийнх нь оршил аялгуу байжээ. Түүний хоёр дахь хөтөлбөр бол 1977 онд бичсэн Шүлэг минь, хүлэг минь хэмээх шүлэг юм.

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!

хэмээн эхэлдэг энэ шүлэгтээ тэрбээр хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй хэмээн шууд ил тодоор тунхагласан байдаг. Ийм учир бас байсан юм. Б. Явуухулангийн бүтээн туурвисан он жилүүд бол монголд социалист нийгмийн тогтолцоо оргил үедээ хүрсэн, нам засаг, Октябрийн хувьсгал, Ленин, Зөвлөлт улс, найрамдлыг магтан дуулахыг уран бүтээлчдээс шаарддаг тийм он жилүүд байлаа. Чухам ийм үед тэрбээр тэр цаг үеийн золиос болохгүйн тулд цөөн бус шүлгээ дээрх уриа шаардлагад нийцүүлэн зохиож, түүнийхээ шүхэр дор уянгын шүлгүүдээ бичиж байлаа. Утга зохиолын харилцаа ч тухайн социалист орнуудын хүрээнд болж, дэлхийн ихэнх оронд монголын утга зохиолыг мэдэхгүй байсан тэр үед “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн тунхаг бол гайхалтай содон, эр зоргийн дуулал байсан юм. Гэхдээ тэрбээр үзэл суртлын дарангуйлал, атаа жөтөө, утга зохиолын дайсануудаасаа хол байгаагүй, уран бүтээлчийн бүхий л саад бэрхшээл, зовлон гамшигийг туулсан бөлгөө. Их найрагч Б. Явуухулан өөрийнхөө хүрэх ёстой оргилыг харж байсан юм. Дэлхийн хэмжээний яруу найрагч гэдгээ аль эрт мэдэрч, өөртөө төдийгүй Монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргах их холын зорилго түүнд байсан юм. Их найрагч бээр сүүлийн жилүүддээ монголын зохиолчдын эвлэлд яруу найргийн зөвлөлийг тэргүүлжзалуу яруу найрагчдын клуб хичээлүүлж тэр үеийн яруу найргийн хорхойтон биднүүс түүнийг бишрэн дагаж Явуу багш хэмээн хүрээлсэн юм. Явуу багш бээр шүлгийг илүү, дутуу үггүй маш нарийн нягт, хөгжимлөг, айзам хэмнэл бүхий өө сэвгүй урлах ёстой гэж шаарддаг байсан бөгөөд яруу найргийн хамгийн гол зүйл бол дотоод сэтгэлийн дүрийг илэрхийлэх ёстой гэж үздэг байв. Яруу найраг бол үгийн урлаг учраас үгийг илүү ч үгүй дутуу ч үгүй байранд нь онож тавих ёстой гэдэг байлаа. Мөнөөх дээр дурдсан Тэхийн зогсоол бол яруу найргийн урлахуй хийгээд дүр бүтээхүйн гайхамшигт том сургууль бөлгөө.

Б. Явуухулангийн 1950-аад оны сүүл үеэс наяад оны эхэн үеийг хүртэл бичсэн шүлэг, дууль нь Монголын яруу найргийн XX зууны бүхий л ололтын охь байсан гэж үзэж болно. Түүний суралцсан багш нь монголоосоо ардын яруу найраг, Инжинаши, Гулиранс, Равжаа, Нацагдорж байсан юм. Монголын уламжлалт яруу найргийн туурвил зүйн сонгодог өв уламжлал, дорнын намуун уянга, өрнө дахины яруу найраг дах сэтгэлгээний чөлөөт хэв маяг Б. Явуухулангийн яруу найрагт тун гайхалтай найрсаж түүний яруу найргийн ертөнцийг баяжуулсан байна. Тэрбээр 1930-аад оны сүүл үеэс 1950-аад оны эхэн үе хүртэлх монголын яруу найраг хийгээд уран сайхны сэтгэлгээний хоосролын дараа, шинэ цагийн яруу найргийн туурвил, сэтгэлгээний чиг хандлагыг илэрхийлэгч нь болж гарч ирснээрээ цагийг эзэлсэн их дууч нь болсон юм.

Б. Явуухулан өөрөөсөө өмнөх бүхий л цаг үеийн монголын яруу найргийн ололт хийгээд өөрийн цаг үеийг эзлэн дагуулагч нь төдий бус өөрөөсөө хойших залгамжлах үеийн яруу найргийг бойжуулахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн яруу найрагч бөгөөд өдгөөгийн Монголын яруу найргийн гол төлөөлөгчид болох Ш.Сүрэнжав, З.Дорж, Д.Цоодол, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нар бол түүний шууд үргэлжлэл юм.

Эдүгээ XXI зууны монголын яруу найрагт хамгийн их нөлөөтэй байгаа Д.Нямсүрэн, О.Дашбалбар нараас суралцагч залуус тэдний өмнөх Б. Явуухулантай заавал ч үгүй холбогдох тавилантай ажгуу.

Б. Явуухулангийн яруу найраг нь урлан туурвихуйн томоохон дэг сургууль, яруусал төгс уянгалахуйн гайхамшигт үлгэр, дотоод сэтгэлийн гэрэл цацарсан дуулал юм. Тэрбээр монгол хэлний шүлэглэл зүйн дээд боломжийг төгс эзэмшсэн урлахуйн ухааны инжаан, шүлгээр аялгуу эгшиг бүтээхүйн их туурвигч бөлгөө.

XX зууны монголын сод яруу найрагч Б. Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогссож монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм.

Сормууниршийн Дашдооров /1936/

Сормууниршийн Дашдооров  нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шороотын хөх овооны бууц хэмээх газар 1936 оны хулгана жил төрсөн билээ. Дэлгэрхангайд бага, Мандалговьд дунд сургуулийг дүүргэж, Улаанбаатар хотноо багшийн сургуульд суралцаж,  багшийн мэргэжил эзэмшээд, хоёр жил сургуулийн багшаар ажиллажээ. Удалгүй утга зохиолын ажилд шилжин, Монголын зохиолчдын хороонд утга зохиолын ажилтан болж, Москва хотод Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж 1969 онд төгссөн.

1971-1980 онд Монгол кино үйлдвэрт ерөнхий редактор, 1980-1982 онд Батлан хамгаалах яаманд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан,  1983-1995 онд утга зохиолын “Цог” сэтгүүлийн утга зохиолын нарийн бичгийн даргын ажлыг хийж байв. 1969 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1975 онд төрийн шагнал “Говийн өндөр” туужаар авсан бөгөөд 1998 онд Ардын уран зохиолч цол хүртсэн билээ.

Бага сургуульд байхдаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 16 наснаасаа шүлгээ хэвлүүлж эхэлсэн юм. Шүлэг, яруу найргийн зэрэгцээ үргэлжилсэн үгийн зохиол бичсэн. Анхны өгүүллэг нь 1956 онд хэвлэгдсэн “Сэргэлэн багачууд” гэдэг өгүүллэг байлаа. Үүний дараа “Шинэ сурах бичиг”, “Алтан хараацай”, “Өнчин цагаан ботго”, “Бяцхан Боролзой” зэрэг хүүхдийн зохиолууд хэвлүүлсэн.

Уран зохиолын амтанд орж, зохиол бүтээлээ зөвхөн шүлэг, өгүүллэгээр хязгаарлалгүй тууж, роман, найраглал, жүжиг, кино, дуурь зэрэг бүх төрлөөр бүтээл гаргаж байснаараа ховор онцгой авъяас билигтэн байлаа.

ШИРНЭНГИЙН АЮУШ /1903-1938/

Орчин үеийн Монголын уран зохиолд театрын урлаг жүжгийн зохиолыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн зохиолч, судлаач Аюуш 1903 онд малчин ард Ширнэнгийн гэр бүлд төржээ.

1921 оны бошгыг халах залуучуудын эвлэлд гишүүнээр элсэж 1922 оны 2-р сард МХЗЭ-ийн түр цагийн Төв хорооны эрхлэн Ший жүжгийн анхны бүлгэм байгуулахад идэвхийлэн оролцож С. Буяннэмэхийн “Ойрх цагийн товч түүх” жүжгийг тавихад сайн дураараа оролцожтоглосон байна.

Тэрбээр 1926-1928 онд Москва хотноо Дорно дахины хөдөлмөрийн э хамтын их сургууль /КУТВ/-д суралцан төгсөж Европ дахины урлаг уран сайхны мэдлэгийг их сонирхон судлажээ.

1935 оны 2-р сарын 25-нд Ардын бага хурлын тэргүүлэгчид Сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлын тогтоолоор нөхөр Аюуш болбоос улсын ардын үндэсний уран сайхны ажилд он удаан жил идэвхитэйгээр чармайн зүтгэж тус улсад онц ихээхэн ашиг тус бүхий ажил бүтээсээр ирсэн гэж тэмдэглээд улсын гавяъат алдарт уран зохиолч цол олгож байв.

1930-аад оны дунд үеэс түүнийг театр жүжгийн салбарт өөрийн явцуу үйл ажиллагаагаа шургуулсан, театр жүжгийг олон түмэн ардаас тасалсан гэх мэтээр хавчин гадуурхаж байсан ба ардын гэгээрүүлэх яамны дэд сайд, улс төр уран сайхны зөвлөлийн даргын ажлаас гэнэт халж цэргийн клубын дарга болгон дарж улмаар ардын дайсан, японы тагнуул, үндсэрхэг үзэлтэн нэр хоч зүүж 1938 онд хилсдүүлэн баривчилж шоронд хорьж амь насыг нь хөнөөсөн юм. Ингэж авъяас билэгт зохиолч Ши. Аюуш дөнгөж 35 настайдаа уран бүтээлийн ид цэцэглэлтийн үедээ харамсалтай амь үзэгджээ.

ГОМБЫН СЭР-ОД /1917/

Г.Сэр-Од 1917 онд Сэлэнгэ аймгийн Арбаянгол сумын нутагт малчны гэр бүлд мэндэлжээ. Бага насандаа эцгээс өнчирч, эх Дэжидийн асрамжид мөчиг тарчиг амь зууж, Хараагийн Дара эх ламын хийд бараадаж Бадма Ёго дацангийн сүргийг адгуулж шар нар, бор хоногийг өнгөрөөж байв. Г.Сэр-Од хожмын дуртгалдаа “Цагийн байдал тайвангүй, гамингийн үймээн ширүүн байв. Эхийн төрсөн дүү Гомбо ямар сайндаа “Бид дүрвэж зайлъя. Энэ улаан нярай амьтныг яадаг билээ. Амь дүйж гарахад энэ мэт өөдөсхөн юмнууд тээг болж мэдэх тул хар нутаг дээр хаяад явъя. Аз тохиож хүн олж авбал тэр биз” гэхэд эх нь найм хүрснийг айлд орхиж, балчир намайг тэврэн (Г.Сэр-Одыг) Хараагаас хойшхи ууланд бүгэхээр гарсан юм билээ”. Г.Сэр-Од ухаан орсон цагаас бичиг үсэгт суралцахыг мэрийж сумын бага сургууль төгсгөөд, хэвлэлийн хороонд хянагч хийж, улмаар Дорнод аймагт багшилжээ. Ахмад зохиолч Ц.Цэдэнжав 1937 онд намайг Рабфакийн бэлтгэл ангид багшилж байхад данхар толгойтой, дуу цөөнтэй, ном дандаа сугавчилж явдаг хичээнгүй хүү байсныг Г.Сэр-Од гэж мэдсэн юм. Тэрээр уран зохиолын бүлгэмд сурч байхдаа бичсэн нэлээд олон шүлгээ надад үзүүлж байснаас зарим шүлгийн нь дүрслэл бусдаас ялгарч байдаг сан. Тэрээр хэдэн дэвтэр дүүртэл бичсэн үлгэр домог, хууч яриа байдаг сан. Түүнийг нь уншихад сонсоогүй сонин хачин юм олон байлаа. Энэ нь түүнд билгийн харааг нь тэлсэн юм. Ардын аман зохиолоос сэдэвлэж шүлэг зохиол бичдэг байв. Энэ нь 1930-аад оны зохиолчдын бүтээлийн нэг онцлог тал байв. Тэрээр Гэсэрийн туужаас сэдэвтэй “Буйдан баатар” гэдэг найраглал бичсэн нь дунд сургуулийн сурах бичигт оржээ. Г.Сэр-Од бага сургуульд байхаасаа шүлэг бичсэн бөгөөд дунд сургуульд ирэхдээ байгалийн шүлэг бичиж байсан нь нэг үеийн суралцагч Ц.Нанзрагчаа, Ө.Лхамхүү нарын дурсамжаас илэрхий байна. Тэрээр Монголын эртний сонгодог бичгийн зохиол болон гадаадын зохиол “Үүлэн бор”, “Гулливерийн аялал”, “Декамерон”, “Болд хэрхэн хатаагдсан нь” зэрэг зохиол уншиж үеийн нөхдөддөө ярьж өгдөг байсан нь оюуны баялгийн хувьд нөхдөөсөө үлэмж давуу байсны баталгаа юм. Ө.Лхамхүү дурсахдаа “Сэр-Од хичээлийнхээ чөлөө заваар уран зохиолын дугуйланд идэвхтэй суралцдаг байсан. Нэг орой намайг дагуулж очив. Дугуйланг хувьсгалт шинэ уран зохиолыг үүсгэгчдийн нэг С.Буяннэмэх удирдаж зохиолын сэдвийг яаж сонгож авах, сэдвээ яаж бичих тухай ярьж, хүмүүсийн бичсэн шүлэг зохиолыг уншуулж, шүүмжлэн хэлэлцэж байв. Сэр-Одын “Хавар”, “Намар” шүлгээ “Шинэ толь” сэтгүүлд өгөхөд шүлгийн өмнөтгөлд сурагч Сэр-Одын бичиж ирүүлсэн энэхүү хоёр шүлэг нь дүрслэн илэрхийлэх ур чадвараар сайн, байгалийн зураглалыг нүдэнд үзэгдтэл яруу дүрсэлжээ” гэжээ. Сэр-Од бодит байдал, юмс үзэгдлл гярхай ажиглалт хийж, ургуулан бодож, уран сайхан сэтгэмжээр баяжуулдаг нь түүний бүтээлд үлэмж ахиц авчирчээ. Тэрбээр багаасаа сургууль соёлын мөр хөөх хүсэлд хөтлөгдөж байснаа

“Би” шүлэгтээ:
“Сургууль хэмээх нэгэн соньхон үг
Судасны цохилт сэтгэлийн үзүүрийг догдлуулахуйяа
Сонссон өдрөөс эхлэн сураглан мөрөөдсөөр
Сонирхон хүссэн гэгээн замдаа орлоо” гэснээс илэрхий

Г.Cэр-Од амьдоалынхаа богино хугацаанд цөөвтөр шүлэг бичсэн ч бүтээлүүд нь агуулга, утга санаа, уран сайхны хувьд 1930 оны яруу найргийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй дүрслэн илтгэх арга барил, өнгө аясаараа ялгарсан юм. Эрх чөлөөгөө олсон ард түмэн, төр засгийнхаа ачийг ухамсарлан улсаа хөгжүүлэх шинэ соёлын төлөө ухамсарт амьдралаа зориулан яваагаа илэрхийлж:
“Аавын хүүгийн зам урт Соёлын ажлын амжилт өндөр
Нам засгийн даалгавар их Найдварт ардын угтамж өргөн” гэж нам, ард түмний холбоог өндөр тавьсныг “Шөнийн онгоцоор” шүлэгтээ илэрхийлжээ. Зохиолч 1937 оны зун Хөвсгөлд ухуулгын бригадаар явж байхдаа үдэш Сэлэнгэ мөрний Гуртын Тавилангийн гармаар холбоо онгоцоор гаталсан тухайгаа бичжээ. “Монголын пионер” шүлэгтээ хөгжин мандсан эх орноо мэдэрч, хөгжүүн дэврэнгүй сэтгэлээр хоцрогдлоос урагш яваа нийгмийн дэвшлийг пионер багачуудын шинийг бүтээн байгуулахтай холбож “Хувьсгалын хур”, “Ирээдүйн жолоо баригч” болгон үзүүлээд, феодалын зүрхийг чичрүүлнэ гэж үгүүлэн шүлгийн үзэл санааг тод томруун болгон дүрслэхдээ


Холбон зангидсан өнгөт тэмдэг хошууран намирч улбалзаад
Хурц тэмцэгч Зоригт баатрын мөн чанарыг илчилнэ
Дээш өргөгдсөн баруун гар нь ариун зүтгэлд бэлтгэгдэж
Дэлхийг донсолгосон сүрт уриа нь феодалын зүрхийг чичрүүлнэ гэжээ.

Түүний “Дөмөн” хэмээх шүлэг бичигдсэн түүхэн үндэс нь өвөрмөц юм. Зохиолч 1935 оны хавар “Бөмбөгөр ногоон” хэмээх Төв цэнгэлдэх хүрээлэнд улсын алдарт гавьяат дууч Ц.Төмөр “Дөмөн” хэмээх ардын дууг дуулахыг сонсож сэтгэлд хоногших ялдам сайхан аялгуунд биширч, сэтгэл татагдаад зогсохгүй урам хөгжөөн хүсэл оргилуулдаг тул би үзгээ барьж шүлэг тэрлэхээс өөр аргагүй болсон гээд “Дөмөн” шүлгээ бичиж
нөхдөддөө уншиж өгч байжээ. Уг шүлэгтээ Сонсон агч түмний чихний нийцэт урсгал цуурайтаж
Баясан түгшигч мянган зүрхнээ гижигт бүжиглэлээр нэвтэрнэм зэ
Дурсан магтсан молор эрдэнэ мэт Дөмөн минь
Урсан мяралзса нусан булаг мэт жигдхэн янцгаая уу гэж сонсогч түмний сэтгэлийг холбилзуулан татсан уяхан дууны эгшигтэй молор эрдэнийн хүлэг мориныхоо янцгаахтай хослуулан шүлэглэжэо. “Дөмөн” шүлгийг уншихад “Цэцэгт сайхан талын дундуур суман дэлтэй, явдал ялгуун мориор дүүхэлзтэл давхиж, унаж яваа эзний цээлхэн дуу уянгалан хадах шиг болдог” гэж утга зохиол судлаач, ардын билэг зүйч Д.Дашдорж онцлон тэмдэглэсэн байдаг. Сэр-Од эхийн хайр ивээлээр эрийн цээнд хүрч, улс орныхоо үйл хэрэгт хүчин зүтгэх сэтгэлээр хангалуун яваагаа “Ээждээ” шүлэгтээ
Өгөөмөр сайхан орныхоо тааламж төгсийн дунд
Өргөн түмэн ардынхаа тэтгэмж ихэд ивээгдэж
Далай мэт дэлгэр энэрлийг таньхариулахаар
Дандаа бодож явдаг минь мөхөс битгий болоосой гэж хүсэл эрмэлзлээ туйл болгон бичжээ. Сэр-Од амьдралыг билгүүн хараагаар тольдож голт зүрхнийхээ догдлолоор бичдэг шүлэг нь тооны хувьд цөөн ч чанарын хувьд жин дарах чамбай байлаа. Г.Сэр-Од 1940 оны үед Дорнод аймгийн төвийн бага сургуульд багшилж байхдаа үг хөгжлийн хичээл дээр хүүхдүүдэд сэдэв өгч шүлэг бичүүлээд, шүүн үзэж шүлэг бол уран сайхантай байх, шүлгийн айзам хэмнэл гэж юу болох, мөр бадгийн жигдрэл тохирох, уншихад утга гүн илэрхийлсэн, яруу сонсголонтой байх учиртайг тайлбарлаж байсныг Сэр-Одын шавь байсан Д.Чойжамц, Ш.Очирхуяг нарын дурсамж байдаг. Д.Чойжамц олон жил УБИС-ийн уран зохиолын тэнхимийн багшаар ажиллаж, удирдсан ангиас нь шинжлэх ухааны доктор Б.Катуу, Ц.Оюун, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар нар төрж гарчээ. Чой багш (шавь нар нь тийн нэрлэдэг) далан нас хэвийсэн хойноо онгод нь орж хэд хэдэн роман бичиж хэвлүүлжээ. Г.Сэр-Одын шавь тэгж сэрж, ухаарахын амьд жишээ мөн гэлтэй. Г.Сэр-Одын шүлгийн гүн утга агуулга, шүлэглэх өвөрмөц арга барилыг түүний байгалийн тухай уянгаас харж болно. “Өвлийн нэгэн өглөө”, “Хавар”, “Намар”, “Улирал ба би” зэрэг шүлгээ байгалийн харилцан холбоо, хүний сэтгэлд тусах байгалийн нөлөө, хүнээс байгалийн гоо сайхныг хүртэх мэдрэх чанарыг нээн харуулсан байдаг. “Намар” шүлэгтээ байгалийн хувирах явдлыг үгүүлэх бус юмс үзэгдлийн шалтгаант зүй тогтлыг үзүүлэхдээ
Цавдиртан улаарсан дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж
Царцаахайн чар хийх дуун намрыг урин шагширна гэх буюу
Цаваглан хөхөрсөн сэмжин үүлс
Мөнгөн хөшиг татахуйяа
Цаламгүй алдсан цэнгэлт зуныг
Түүний доогуур саравчилна гэснээс тодорхой байна. Тэрээр байгалийг эзэмдэгч, түүний бүрэн эрхт эзэн болсон шинэ хүнээс эх нутгийн байгальд хандах харилцааг тод гаргажээ. Чингэж зурахдаа эх хэлнийхээ их далайгаас сувд, таныг шүүрдэн тунгаажээ. Г.Сэр-Од хэмээх нэгэн билэг авьяастан өдгөө 90 насны сүүдэр зэрэгцэж байна.

ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН /1908-1986/

Анхны ардын уран зохиолч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Дорнод аймгийн Матад суманд эгэл малчин Цэндийн хүү болон мэндэлжээ. 1986 онд 78 насандаа таалал болсон.

Ц.Дамдинсүрэн 1933-1938 онд Ленинград хотын Дорно дахиныг судлах институтэд суралцсан. Сургуульд явснаас нэг жилийн хойно, хол хүний нутагт унасан газар, угаасан усаа санагалзан

1933 онд, 25 насандаа “Хоёр настай Ро” Монголын уран зохиолын алтан санд орсон шүлгээ одоогоос яг 72жилийн өмнө,

1934 онд, 26 насандаа “Буурал Ижий Минь” эрхэмсэг шүлгээ,

1936 онд, 28 насандаа “Зугаацахаар мордсон нь” гайхамшигт шүлэг, найраглалаа,

1937 онд, 29 насандаа А.С.Пушкин шүлгээ тэрэлж, Пушкиний шүлгээс орчуулж,

1938 онд, 30 насандаа “Наалинхай хоёр нүд чинь” шүлгээ бичин үлдээжээ.

 Нэгэн насанд багтамгүй, нэгэн хүний оюун ухаан дийлэмгүй нөр их бүтээлийг амжуулсан алдарт эрдэмтэн маань Орос-Монгол толь, Алтан загасны үлгэр, Монголын Нууц товчоо, түүний нэгэн чацуутан болох Игорийн Хорооны тууж, Пушкиний Олег цэцний дуулал, Хүрэл хөшөө зэрэг гайхамшигт бүтээлийн хажуугаар Монголын 1000 жилийн хураангуй түүх,  Монголын өв соёлын сор болгоныг хураасан “Зуун билиг” номоо туурвижээ. Сурсан эрдэм, бүтээл зохиол нь, тухайлбал Пушкиний бүтээлээс орчуулсан нь хожмоо шоронд хоригдох, алтан амиа ч алдах дөхсөн шалтаг болохыг мэдсэнгүй. Хоёр настай Ро шүлэг нь тэр жаахан охиний болон Монголын ард түмний 70 жилийн түүхийг хүүрнэсээр... 

1938 онд, 30 насандаа сургуулиа дүүргээд Монголдоо буцан ирсэн ч удалгүй шоронд орсон. Тэрээр Хрущевийн өөрчлөлтийн үрээр үг хэлэх эрхтэй болж 1962 оны Намын Бүгд хуралд хэлэхээр бэлдсэн үгэндээ “1938 оны 11-р сарын 4-ний шөнө намайг баривчилж ардын дайсан хэмээн шоронд хорьсон. Пушкиний Олег цэцний дуулал шүлгийг орчуулсан, хувьсгалын эсэргүү Бямбын Ринченгийн хүүхэн Нямаагийн орчуулсан ах дүү Гримийн үлгэрийг худалдаж авч эсэргүүний ар гэрийг санаатай дэмжсэн, эсэргүү мэргэн гүн Гомбожав, буриад Цэвээн Жамсранов нарын эсэргүү бүлгийн гишүүн, хувьсгалын эсэргүү гэмт хэрэг үйлдсэн гэх хуурамч шалтагтай. Гүтгэж алахад арай болохгүй байсан болтой . 1940 онд аргагүй цагаадан шоронгоос гарсан. Шоронд зарим шүдээ хэмх цохиулж, чийг өвчнөөр өвчилж, бөөсөнд баригдаж байсан. Бузар чононууд элдэв жигшүүртэй муухай арга хэрэглэн элдвээр зовоож, бүтэн 10 хоног унтуулахгүй тамлан байцааж байсан. Олон сайхан хүмүүс ингэж зодуулж зовж байснаас худал хэрэг хүлээгээд хурдан үхсэн дээр гээд алуулахаар ачигдаж байсныг үзсэн. Тэд нар надад захин ач үрд минь, ард түмэнд минь үнэнийг мэдэгдэж үзээрэй гэж захисан. Одоо тэдний гэрээсийг би уламжилж байна. Манай намыг өөдгүй хүмүүс бузар хэргээ далдлах бүрхүүл болгон ашиглаж байна. Манай нам төрийн удирдлага ард түмнээсээ тасраад урьдын хаад ноёдоос ч илүү эрх мэдлийг эдэлдэг боллоо. Ард түмнээсээ ингэж тасарсан хүмүүс 1937 оны үеэс хоёр бузар ажлыг хийсэн. Нэгд, Монголын бүх сэхээтнийг хүйс тэмтрэн хядсан. Хоёрт Монголын өв уламжлалыг баллан сүйтгэсэн. Хууль завхаруулсан, соёлын өвийг устгасан ялт хэргийн тухай, ард түмнээс нууж хийсэн бузар үйлийг ард түмэнд таниулах хэрэгтэй. Энэ хэргийг аль болохоор нууж дарах санаатай хүмүүс байна...”гэжээ.
бичсэн: sarantsetseg төрөл:
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

гоё шүү
бичсэн Бүеэ (зочин) цаг: 22:03, 2011-10-20 | Холбоос | |



:-)
 
xaax