Монгол хэл
Монгол хэлний сургалт хийгээд монгол хэлний одоогийн байдал
Одоо дэлхий дээр байгаа 6000 хэлний дөнгөж 4 хөн хувиар дэлхийн хүн амын 96 хувь нь хэлэлцэж, үлдсэн 94 хувь хэлээр та биднийг оролцуулаад дэлхийн нийт хүн амын 4 хөн хувь нь хэлэлцэж байна. Тэрхүү 4 хөн хувьд багтах чухамхүү 8 сая орчим монгол хүн бидэнд заяасан хэл бол монгол хэл юм. Эртний баялаг түүхтэй, бичиг үсгийн өндөр соёлтой монгол хэлийг судлан суралцагч болон заан түгээгч их сургуулиуд дэлхий дээр олон байна. Жишээлбэл: АНУ-д Индианийн Их Сургууль, Вашингтоны Их Сургууль, Францад Сорбоны Их Сургууль, Германд Бонн болон Берлины Их Сургууль, Англид Лондонгийн, Кембриджийн болон Лийдзийн Их Сургууль, Чехэд Прагийн Их Сургууль, Польшид Варшавын Их Сургууль, Финляндад Хелсинкийн Их Сургууль, ОХУ-д СанктПетербургийн Их Сургууль, Буриадын Их Сургууль, Халимагийн Их Сургууль, Эрхүүгийн Их Сургууль, саяхнаас Владивостокийн Их Сургууль, Энэтхэгт Делийн Их Сургууль, БНХАУ-д Бээжингийн Их Сургууль, Төвийн Үндэстний дээд сургууль, Улаанхадын дээд сургууль, Өвөрмонголын Их Сургууль, Өвөрмонголын Багшийн Их Сургууль, Ланжуугийн Баруун Хойт Үндэстний дээд сургууль, Шинжианы Их Сургууль, Солонгосын Данкукийн Их Сургууль, Япон улсын Токиогийн Их Сургууль, Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль, Осакагийн Их Сургууль, Тохагийн Их Сургууль, Азийн Их Сургууль, мөн бас бус сургууль гээд олон сургууль байна. Тэгэхээр үүнийг сонсоод монголчууд дэлхийн голлох хөгжилтэй орны олон их, дээд сургуульд монгол хэлийг заан сургаж монгол хэлийг түгээн дэлгэрүүлж хөгжүүлж байдаг юм байна хэмээн баярлах байх л даа. Эдгээр сургуулиуд жил бүр 10-20 хооронд оюутан элсүүлэн авч суралцуулдаг боловч 4 жилийн дараа бараг тал хувь хорогдож төгссөн 10-аад хүний дотроос сайн л бол 2 юмуу 3 хүн монгол судлалын салбарыг сонирхон судлагч болдог. Тэгэж болсон хүмүүс өнөөдөр монгол судлалыг дэлхийд алдаршуулж нэрээ мөнхөлж явна. Эдүүгээ монгол хэлтнүүд нь Монгол улсаас гадна БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Манжуур болон Гансу, Цинхай, Ляонин, Жирин мужийн зарим хошуу, Оросын Холбооны Улсын Ижил мөрний адаг, Дорнот Сибирь хийгээд Афганистаны Херат, Бадакшан, Маймана муж зэрэг өргөн уудам нутагт тархан суурьшиж янз бүрийн хэл аялгуу, шашин шүтлэг, соёл иргэншлийн нөлөөн дор аж төрөн сууж байна. Олон зуун мянган жилийн тэртээ аян дайны улмаас уугуул нутгаасаа тасран салж, өөр өөр хэл соёлын нөлөөнд орсон монгол угсаатнуудын хэл аялгуу нь нэг талаар эх хэлнийхээ эртний шинжийг зохих хэмжээгээр хадгалан үлдэж, нөгөө талаар харь хэлний нөлөөнд ихээхэн автагдаж, хэрэг дээрээ хольмог хэлний шинжтэй болжээ. Тухайлбал, одоогийн монгор, дунсян, баоань, зүүн уйгар, могол, дагур зэрэг хэлнүүд монгол хэлний эртний шинжийг харьцангүй илүү хадгалсан боловч хятад, төвд, пүштү, түрэг, түнгүс зэрэг харь хэлний нөлөө ихтэй, хольмог маягийн өвөрмөц хэлнүүд болж монгор нь монгортойгоо ойлголцохоос биш бусад холимог хэлтэнтэйгээ болоод нийт монгол хэлтэнтэйгээ ойлголцохгүй болсон байна. Тэгэхээр мэдээж хэдхэн зууны дараа эдгээр холимог хэлтэн тэр улсынхаа албан ёсны хэлэнд уусан алга болох нь мэдээж. Гэтэл ойрд, буриад, төв ба өмнөт монгол хэлнүүд нь уугуул хэлнийхээ хөгжлийн дотоод зүй тогтлын дагуу хөгжсөөр ирсэн боловч ОХУ-д амьдарч байгаа Буриад, Халимаг, Тува хүмүүсийн 85 хувь нь зөвхөн орос хэлээр, БНХАУ-ын өвөрмонгол хүмүүсийн бас 85 хувь зөвхөн хятад хэлээр ярьж байна. Түрүүчийн хурал дээр Халимагаас ирсэн хүн хорчин хүнтэй ойлголцохгүй орчуулагч эрж явсан түүх бий. Тэгвэл Өвөрмонголын олон аялгуутан дотроос Жирмийн хүний яриаг бусад аялгуутан нь ойлгоход хүндрэл гардаг байна. Учир нь тэдний ярианд хятад үг олноор орохоос гадна үгийг их товчилж ярьдаг байна. Хөдөө аав ээжийнхээ дэргэд монгол хэлээр амалдаг боловч сургуульд сурах, цаашлаад их дээд сургуульд сурах, төгсөөд ажил олох тэр орчин нь хятад юмуу орос хэлээр байдаг тул улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болсон байна. Улсын албан ёсны хэл болох хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, өвөрмонгол ах дүү нарын маань монгол хэл аажим аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь аяндаа багсаж, мөн нөгөө талаар үгсийн сангийн бүрэлдхүүн ихээхэн эрлийзжиж уугуул монгол хэлнийхээ чанарыг алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дунсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна. Харин Өвөр Монголын эрдэмтэд монголоор бичсэн олон зуун дурсгалт бичгүүдийг хэвлэн гаргах, судалгааны хүрээнд оруулах талаар үлэмжийн их зүтгэл гарган ажиллаж байна. Иймээс монгол бичгийн хэл нь одоо болтол бага ч гэсэн олон монгол хэлтнүүдийн дундын гүүр, холбогч болсоор байна. Өмнөх олон үеийн монгол мэргэдийн монгол бичгээр бичиж үлдээсэн олон зуун түүх, уранзохиол, угсаатны зүйн эдгээр баялаг дурсгал нь монгол түмний түүх, соёлыг судлахад монголчуудаар барахгүй дэлхийн олон орны гадаадын монгол судлаачдын эрхэм чухал хэрэглэгдхүүн болсоор байна.
Монгол улсын 2.5 сая монголчуудын албан ёсны хэл монгол хэл учраас энэ хэлээр ярьж, кирил бичгээр монгол хэлийг тэмдэглэн хэрэглэж байна. Тэгэхдээ “Одоо олонхи хүн “би монгол хүн юм чинь монгол хэлээ мэдэхгүй яах юм бэ?” гэж хоосон аархсан буюу эх хэлнийхээ боловсролыг хайхардаггүй, биеэ үгүйлдэггүй, тулга тойрсон ярианы хэдхэн үгэндээ ханаж цадчихсан байна. Үүнд ч монголын нийгэм тэр аяараа санамсаргүй хүчин зүтгэхэд хүрчээ”. Монгол хэлнүүдийн нэгдлийг хадгалж байсан монгол бичиг бол олон зууны турш нарийн тогтсон дүрэмтэй болж монгол хэлний үгсийн яруу тансаг байдлыг илэрхий тусгаж, хэлний хөгжлийн түүхийн толь болж байсан билээ. 50 гаруй жил хэрэглэж байгаа кирил үсгийн дүрэм одоо болтол төгс сайн болоогүйгээс хүмүүс маш олон зөв бичгийн дүрэм сурдаг боловч одоо хир нь бичихдээ ихэд алдаатай бичсээр байна. Энэ нь хэлний амьд хэрэглээ болсон монгол хэлээр ярихад болон сургахад муугаар нөлөөлж хэлний цэвэр ариун, яруу тансаг байдал алдагдаж байна. Түүгээр ч барахгүй албан ёсны монгол хэлээр ярилцагч Монгол улсын монгол хэлтнүүдийн хэл болон монгол хэлний сургалт нь бичиг үсгээ сольсон хийгээд үндэсний хэлний асуудалд хайхрамжгүй хандаж, гадаад хэлний сургалтыг хэтэрхий эрхэм болгосноос болоод үгсийн сангийн бүрэлдхүүнд гадаад үг ихээхэн нэвтрэх болсон байна. Академич Б.Я.Владимирцов монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийг БНМАУ-д ч ЗХУ-ын Халимагт ч Буриад монголд ч латин зэргээр өөр бичгээр солих тухайд нэгэн үндэстнийг салган бутаргах сөрөг нөлөө гарна хэмээн үзэж байсан нь түүний бүтээлээс тодорхой харагдах бөгөөд Япон улсын Ю.Арай доктор ч цохон тэмдэглэжээ. 1930-аад онд нэг байсан монгол хэл 1950 он гэхэд 10-12 биеэ даасан олон монгол хэл болчихсон гэхэд эрхгүй гайхал төрүүлнэ. Одоо олон монгол хэл улам бүр салж холдсоор байна. Тиймээс олон монгол хэлний салалтын явцыг зогсоож нэгдмэл хэл болгоход нийт монголчуудын дундын гүүр болж байсан монгол бичгийг хэрэглэх юм уу эсвэл монгол бичгийн адил дундын гүүр болохоор бичиг болон зөв бичгийн, зүй зохистой дүрмийг зохион хэрэглэх шаардлагатай байна.
Монгол улсад 2003 онд эх хэлний хууль баталж эх хэлний комисс байгуулагдсан нь хожимдсон ч гэсэн нэн сайн ажил болсон боловч хуучин хийж байсан ажлын туршлага дутмаг болон юу хийхээ мэдэхгүйгээс болоод олигтой ажиллаж чадахгүй байна. Ядахдаа эх хэлнийхээ талаар үлэмж их анхаарал тавьдаг бусад улс орны жишээ, туршлагыг яаралтай судламаар хэлний зөвлөлийн эрх үүргийг онцгой нэмэгдүүлж өгмөөр байгаа юм. Монгол улсын хууль тогтоомжууд маш муу найруулгатай болон маш их алдаатай гарч байна. Засгийн газрын хэрэг эрхэлэх газрын дэргэд болон Улсын их хурлын тамгийн газрын дэргэд бүр болохгүй бол хоёулангийн дэргэд найруулга засдаг монгол хэлний мэргэжилтэн байхад болохгүй юм алга байна. Учир нь ард түмэнд ойлгомжгүй гарч байгаа энэ олон хуулиудыг хянаж сайхан найруулгатай болгож байх шаардлагатай байна. Доктор Г.Буянтогтох “Монгол улсын үндсэн хууль”-д 94 найруулгын алдаа байгааг 2004 оны Монгол судлалын сэтгүүлийн XXIII ботид хэвлүүлсэн “Монгол хэлний үгзүйн найруулгын зарим асуудалд” хэмээх өгүүлэлдээ гаргаж бичсэн байна. Монгол хэлний үгийн сан судлаач эрдэмтэн Ж. Төмөрцэрэн “Монгол хэлэнд харь гаралтай үг ам ба бичгийн аль алинаар нь нэвтрэн орж ирсэн байна. Хятад гаралтай үг монгол хэлэнд их төлөв аман яриагаар дамжин орж ирж байсан бол европын хэлний үг гол төлөв ном зохиолын орчуулгаар дамжин орж ирж байна” Гадаад хэлний үг монгол хэлэнд нэвтрэн орохдоо тухайн үгийн хэлбэр ерөнхийдөө хадгалагдах боловч монгол хэлний авиан зүй, үг зүй, уламжлалаар болон түүхэн зарчимд тохирч байх ёстой. Монгол хэлний ярианы болон бичгийн хэлэнд өргөн хэрэглээтэй 4000 орчим гадаад үг байгааг Н.Балжинням доктор тооцоолсон байна. Н.Балжинням багшийн 2005 онд гаргасан “Монгол хэлний гадаад үгийн толь”-д сүүлийн 30 жилд монгол хэлэнд орсон үгсийг түүж үзвэл 1627 үг болж байна. Түүнээс 1990 оноос хойш монгол хэлэнд орсон үг талаас илүү хувь байна гээд бодоход 17 жилийн хооронд гадаад үгийн замбаараагүй ихээр хамаагүй оруулсан нь харагдаж байна. Экс ерөнхийлөгч уг нь энэ үг ерөнхийлөгч асан ялангуяа телевиз радиогийн сурвалжлагч нар гадаад үгээр чамирхан ярьж, тэр нь залуусын дунд урсгалаар нэвтрэх нь их байна
Монгол хэл болоод монгол хэлний нийгмийн үүргийг дээшлүүлэхэд төр засаг олигтой анхаарахгүй, засгийн газрын бүрэлдхүүнд орж төсөв мөнгө хүртээд монгол хэлний талаар нийгмийн өмнө албан ёсны үүрэг хүлээсэн байгууллага нь юу ч хийхгүй, заримдаа сөрөг байр суурь баримталж монгол хэлний өдгөөгийн байдлыг шүүн хэлэлцсэн хүнийг ил далд элдэвлэн гутаахад хүрч байна. Дэлхийн улс орнууд бичиг үсгээ бидэн шиг яагаад засахгүй байна вэ? Учир нь хэлний нэгдэлээ, үндэстний нэгдэлээ задлахгүй устгахгүйн төлөө шүү дээ. Монгол соёлын амин зүрх бол монгол хэл юм. Монгол хэл мөхвөл монгол соёл мөхнө. Монгол соёл мөхвөл монгол үндэстэн мөхнө. “Төр улс үндэсний дархлаа болох монгол хэлийг хамгаалж, хөгжүүлж байхгүй бол монгол гарвал нь байсаар байтал, Монгол улс байсаар атал монголоор ярьдаг хүнгүй болох цагт монгол үндэстэн сөнөнө гэдгийг давтан хэлмээр байна” Тийм болохоор монгол хэл бол монголын ард түмний сэтгэхүй, нийгэм, уламжлал, түүх, соёлтой шууд холбоотой амин чухал зүйл юм. “Манай бүх телевизийн арын бичиг нь англи, францаар байгаагийн зорилго нь тодорхойгүй, туурга тусгаар бие даасан их бага оронд манайх шиг ингэхгүй байгаа нь нэг л сонин”. “Гудамжинд гарахад олон хэлийн хаяг туурга тусгаар улс мөн үү гэсэн бодлыг улам батлаад өгнө”
Хятад, Орос хоёр улсад байгаа монголчуудын хэл соёл улам бүр устан доройтож, эгзэгтэй байдалд орж байгаа үед Монгол улсын гүйцэтгэх үүрэг улам ихээр дээшлэх ёстой. Монгол улс нь олон зууны түүхтэй Монголын эзэнт улсын өвийг залгамжлан авсан цорын ганц улс орны хувьд бүх монгол туургатаны түүхийг хадгалан тэмдэглэж хойчийн үедээ уламжлуулах хариуцлагатай үүргийг хүлээх ёстой. Ингэх юм бол халхыг төв болгон үзэх нутгархаг үзэл нь алга болж бусад улс орны монголчуудын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бодит байдлаар нь үнэлэх боломж бүрэлдэж, хэл, соёл, түүхийн нэгдэл бий болон монгол хэл нийт монголчуудын дундын гүүр хийгээд бахархал болон цэцэглэн хөгжих болно.